Өнөөдрийн зурхай
Ubfocus

О.Цогтгэрэл: С.Зориг агсны хөшөө бол хэдхэн ТББ-ын шийдэх асуудал биш

Sarantsetseg
Author
August 1, 2026
2 min read
214 views
О.Цогтгэрэл: С.Зориг агсны хөшөө бол хэдхэн ТББ-ын шийдэх асуудал биш

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, уг асуудлыг зөвхөн нэг дурсгалын хөшөөтэй холбоотой маргаан бус, Монголын ардчиллын үнэт зүйлтэй холбоотой асуудал хэмээн онцоллоо.

Тэрбээр, "С.Зориг агсны хөшөө бол зүгээр нэг хувь хүний дурсгалын хөшөө биш. Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, итгэл найдварын бэлгэдэл. Ийм учраас хэдхэн төрийн бус байгууллага хоорондоо тохиролцоод нүүлгэн шилжүүлэх хэмжээний асуудал огт биш" гэв.

Мөн С.Зориг агсны гэр бүл, С.Зориг сан болон Ардчилсан намд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл аваагүйгээр хөшөөг нүүлгэн шилжүүлсэн нь хууль, эрх зүй болон ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

О.Цогтгэрэлийн хэлснээр, олон нийтийн дунд "Шинэ дэвшилт холбоо", "Монголын ардчилсан холбоо" хоорондоо зөвшилцөн хөшөөг нүүлгэсэн гэх мэдээлэл түгээд байгаа ч уг асуудлаар наймдугаар сарын 17-нд анхан шатны шүүх хурал товлогдоод байгаа аж.

Тэрээр архивын баримтыг эш татан, 1990 онд тухайн үеийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр МОНЦАМЭ агентлагийн байрыг Шинэ дэвшилт холбоо болон Үндэсний дэвшлийн намд олгож байсан бөгөөд Шинэ дэвшилт холбоо нь Ардчилсан намыг үүсгэн байгуулсан таван намын нэг учраас уг өмчийг зөвхөн нэг төрийн бус байгууллагын өмч гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлав.

Түүнчлэн МоАХ-ны байр буюу Ардчиллын ордныг тухайн үед Монголын ардчилсан холбоод болон Монголын Ардчилсан намд хамтран ашиглуулахаар шийдвэрлэж байсан архивын баримт бий гэдгийг дурдсан юм.

Түүний хэлснээр, Ардчилсан нам эдгээр архивын баримт, хууль эрх зүйн үндэслэлүүдийг бүрдүүлэн шүүхэд хандсан бөгөөд С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх, тухайн газрын өмчлөлтэй холбоотой асуудал нь хэдхэн байгууллагын дотоод маргаан биш, олон нийтийн анхаарал татахуйц асуудал гэж үзэж байгаа аж.

Мөн Монголын ард түмний хандиваар босгосон дурсгалт байгууламжийг дур мэдэн нүүлгэн шилжүүлэх эрх зүйн үндэслэл байсан эсэх, үүнд нийслэл болон дүүргийн удирдлагуудын оролцоо байсан эсэхийг ч шалгаж тогтоох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Ардчилсан нам жил бүрийн долоодугаар сарын 4-нд, С.Зориг агсны гэр бүл дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдөрт нь, анд нөхөд нь аравдугаар сарын 2-нд амь насаа алдсан өдөр нь хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг тул энэ нь эзэнгүй, орхигдсон дурсгал биш гэдгийг онцлов.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр Ардчилсан намын өмч хөрөнгийн асуудлыг хөндөж, өнгөрсөн хугацаанд намын байр, Ардчиллын ордонтой холбоотой асуудлаар үе үеийн удирдлагууд эрхээ хамгаалахаар шүүхэд хандаагүйгээс өнөөдөр Ардчилсан нам өөрийн гэсэн байргүй, олон жил түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж ирсэн гэж мэдэгдлээ.

Related Stories