Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захиралд 15 жилийн хорих ял оноолоо

Sarantsetseg
Author
October 5, 2026
2 min read
158 views
Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захиралд 15 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захирал гурван эмэгтэйг бэлгийн хүчирхийлэлд өртөөсөн хэрэгт буруутгагдан, 15 жилийн хорих ял сонслоо. Түүнийг Ким гэх овгоор нь мэдээлж байгаа бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байна.

Хохирогчдын нэг болох 40 гаруй насны Сө Ми Хён 2016 оноос Инчон хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн “Сэкдонвон” төвд амьдарч эхэлжээ. Түүний ярьснаар захирал Ким шөнө болон үүрээр өрөөнд нь орж, олон жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан аж.

Тэрбээр хүчирхийллийн талаар олон жилийн турш хэнд ч хэлж чадаагүй бөгөөд “Би зүгээр л тэвчсэн” хэмээн ярьжээ. Хэрэг 2025 оны хоёрдугаар сард ил болсон бөгөөд Ким түүнийг хүчирхийлэхийг завдах үеэр толгой руу нь шил шидэж гэмтээсэн гэх мэдээлэл байна. Үүний дараа хохирогчийн ээж охиноо асрамжийн газраас авч явсан бөгөөд тэр үед Сө Ми Хён болсон явдлыг анх удаа ярьж, цагдаад мэдэгджээ.

Цагдаагийн шалгалтын явцад өөр хоёр хохирогч илэрсэн байна. Шүүх гурван эмэгтэйн мэдүүлгийг үнэн зөв гэж үзжээ. Ким хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж, 15 жилийн хорих ял авсан бол гурав дахь хохирогчийн хувьд бэлгийн хүчирхийллийн өөр зүйл ангиар буруутгагдсан байна.

Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн шийдвэр болон мөрдөн шалгах ажиллагааг шүүмжилжээ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй олон оршин суугч болсон явдлыг үгээр тодорхой илэрхийлэх боломжгүй байсан бөгөөд судалгаагаар дор хаяж 10 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж илэрсэн ч шүүх уг асуудлыг авч хэлэлцээгүй байна.

Уг хэрэг олон нийтийн анхаарлыг татсаны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1,507 асрамжийн байгууллагад шалгалт хийж, 33 хүчирхийллийн сэжигтэй тохиолдол илрүүлсэн бөгөөд найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Хохирогч Сө Ми Хён асрамжийн газраас гарсныхаа дараа амьдрал нь өөрчлөгдсөн талаар ярихдаа “Би зүгээр л тайван болсон. Өдөр бүр аз жаргалтай байна” хэмээн хэлээд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүчирхийллээс ангид, аюулгүй амьдрах боломжтой газар хэрэгтэйг онцолжээ.

эх сурвалж:BBC

Related Stories

Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захиралд 15 жилийн хорих ял оноолоо | Ubfocus