БНХАУ-ын Шэньжэнь хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 32 орны 900 гаруй шатарчин зургаан насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлага дор 23 шатарчин эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэмцээний рапид буюу түргэн тоглолтын төрөлд Монголын тамирчин, кандидат мастер И.Цэлмүүн охидын 12 хүртэлх насны (U12) ангилалд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр долоон өрөг тоглохдоо зургаан хожиж, нэг удаа хожигдсон амжилтаар шагналын тавцанд зогссон байна.
И.Цэлмүүн нь "Сүү" ХК, "Босоо ноён" клубын тамирчин бөгөөд өсвөрийн дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн цомын хүрэл медальтан, мөн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд Монголын шигшээ багийн бусад шатарчид сонгодог болон блиц төрлүүдэд өрсөлдөх юм.





