Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хаврын чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгосон, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсныг онцоллоо.
278 хууль, тогтоомж баталжээ
Хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал нийт 35 удаагийн нэгдсэн, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаан зохион байгуулж, 263 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Чуулганы дундаж ирц 82 хувь хүрч, өмнөх намрын чуулгантай харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.
Энэ хугацаанд нийт 278 хууль, тогтоомж баталсан бөгөөд иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийн суурийг бүрдүүлсэн байна.

Татварын шинэчлэлээр 1.3 сая иргэний ачааллыг бууруулжээ
Чуулганаар Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Онцгой албан татвар зэрэг татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, шаталсан татварын шинэ тогтолцоог баталсан байна.
Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгийг өөртөө үлдээх боломж бүрдэж, анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бий болсон гэж УИХ-ын дарга мэдээлэв.
Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг онцоллоо.

Эрүүл мэнд, гэр бүл, байгаль орчны чиглэлд шинэчлэл хийв
Хаврын чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулиудыг баталж, донорын тогтолцоог шинэ шатанд гаргасан байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгожээ.
Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудад оруулсан өөрчлөлтөөр тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг бэхжүүлсэн байна.
Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлжээ
УИХ хаврын чуулганы хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй "Асуулгын цаг"-ийг гурван удаа зохион байгуулж, нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсголуудыг хийжээ.
Мөн E-Mongolia системд "Нээлттэй парламент" цэсийг нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломжтой болсон байна.
Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулганы тов, хэлэлцэх асуудал, гишүүдийн ирц, санал хураалтын дүнг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй харуулах болсон талаар мэдээллээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт парламент цаашид хүн төвтэй хууль тогтоомж баталж, иргэдээ сонсдог, ил тод, хариуцлагатай парламентын тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө ажиллана гэдгээ онцлон мэдэгдэв.
УИХ-ын хэвлэл мэдээллийн газар





