Украины арми аравдугаар сарын 15-нд ОХУ-ын Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр рүү нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгчээ. Халдлагын улмаас үйлдвэрийн нутаг дэвсгэрт гал гарсан талаар тус мужийн захирагч Павел Малков мэдээлсэн байна.
Оросын төрийн өмчит “Роснефть” компанийн эзэмшдэг уг үйлдвэр нь Москва хотын шатахууны хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй бөгөөд ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын бараг таван хувийг бүрдүүлдэг аж.
Энэхүү халдлага АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины эрчим хүчний байгууламжид харилцан цохилт өгөхгүй байх тохиролцоог зарласнаас хэдхэн хоногийн дараа болжээ.
Зеленский: “Бид энэ тохиролцоог цаашид дагахгүй”
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө түр зогсоосон шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Украин АНУ-ын хүсэлтийг харгалзан эрчим хүчний байгууламжид цохилт өгөх ажиллагаагаа гурван хоног зогсоосон ч Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд халдлагаа үргэлжлүүлжээ. Иймээс Киев өмнөх хязгаарлалтаа цуцалж, хариу цохилтоо сэргээхээр болсон байна.
Зеленский мөн АНУ-ын зүгээс Украинд үзүүлж буй тагнуулын мэдээллийн дэмжлэг болон Starlink хиймэл дагуулын холбооны системийн ашиглалтад гарсан хязгаарлалтад шүүмжлэлтэй ханджээ. Түүний үзэж буйгаар, эдгээр өөрчлөлт Украины батлан хамгаалах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины алсын тусгалт довтолгоонууд газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд онц ноцтой хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн байна.
Орос, Украины эрчим хүчний байгууламжид харилцан цохилт өгөхгүй байх тохиролцоо хэрэгжих эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ асуудал АНУ, Украины харилцаанд ч нөлөөлж болзошгүй байна.





