Олон улсын эрдэмтдийн баг Атлантын далайн хамгийн бага судлагдсан бүсүүдийн нэгээс урьд өмнө бүртгэгдээгүй хоёр шинэ гидротермаль халуун рашааны (hydrothermal vent) бүсийг илрүүлж, гүний тэнгисийн экосистемийн талаарх ойлголтыг өргөжүүлэх чухал нээлт хийжээ.

Нээлтийг Schmidt Ocean Institute-ийн судалгааны R/V Falkor (too) хөлгөөр гүйцэтгэсэн 35 хоногийн экспедицийн үеэр хийсэн бөгөөд судалгааны баг Атлантын далайн дундах Doldrums Megatransform and Fracture Zone хэмээх тектоникийн идэвхтэй бүсэд ажилласан байна. Энэхүү бүс нь Бразилийн зүүн хойд эргээс ойролцоогоор 1,300 километрийн зайд, дэлхийн хамгийн урт уулсын тогтолцоо болох Дундад Атлантын нуруу (Mid-Atlantic Ridge)-г хөндлөн огтолдог газар юм.

Судлаачдын мэдээлснээр илэрсэн хоёр шинэ гидротермаль бүс нь энгийн халуун рашаанаас ялгаатай, "эрлийз" буюу холимог бүтэцтэй аж. Өөрөөр хэлбэл, галт уулын дулааны эх үүсвэрээс гадна дэлхийн мантийн чулуулгууд далайн устай урвалд ордог серпентинжилт (serpentinization) гэх геологийн процесс зэрэг явагддаг нь тогтоогджээ. Ийм төрлийн гидротермаль систем дэлхий дээр тун цөөн бүртгэгдсэн байдаг бөгөөд Атлантын далайн энэ хэсэгт анх удаа илэрсэн нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Хоёр бүсийн эхнийх нь ойролцоогоор 99 мянган ам метр талбайг хамарч, далайн ёроолоос 3,890 метрийн гүнд оршдог байна. Судалгааны баг эндээс 280 хэмийн халуунтай гидротермаль шингэн ялгарч байгааг хэмжиж, химийн энергийг ашиглан амьдардаг сохор сам хорхой, далайн хавч, далайн цэцэг зэрэг өвөрмөц амьтдын томоохон бүлгийг ажиглажээ. Эдгээр организм нь нарны гэрэлгүй орчинд амьдардаг бөгөөд гидротермаль рашаанаас ялгарах химийн бодисоор энерги үүсгэдэг бактеритай симбиоз харилцаатай байдаг.
Экспедицийн бас нэгэн онцлох үр дүн нь судлаачид barreleye буюу тунгалаг толгойтой, маш ховор гүний загасны нэгэн зүйлийг байгалийн орчинд нь анх удаа дүрсжүүлсэн явдал байв. Энэхүү загас нь дээш чиглэсэн хоолой хэлбэрийн нүдээрээ алдартай бөгөөд далайн хэдэн мянган метрийн гүнд амьдардаг тул амьд байгалийн орчинд нь ажиглах боломж маш ховор байдаг. Мөн экспедицийн үеэр аварга сэрвээтэй хоёр наймаалж (bigfin squid)-ийг ч бүртгэн баримтжуулжээ.
Судалгаанд шинээр ашиглаж эхэлсэн The Childlike Empress нэртэй автономит усан доорх төхөөрөмж болон SuBastian алсын удирдлагатай шумбагч робот чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Өндөр нарийвчлалтай газрын зураг гаргасны дараа эрдэмтэд гидротермаль бүсүүдийн байршлыг богино хугацаанд тогтоож чадсан нь шинэ технологийн үр нөлөөг харуулсан гэж судалгааны баг онцолжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү нээлт нь Атлантын далайн гүний геологийн үйл явц, далайн ёроолын усны эргэлт, гэрэлгүй орчинд оршин тогтнодог экосистемүүдийн хувьслыг тайлбарлахад чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн хамгийн бага судлагдсан далайн бүсүүдэд цаашид шинэ нээлт хийх боломж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Schmidt Ocean Institute





