Өмнөд Солонгосын дэлхийн хэмжээний хамтлаг BTS дөрвөн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж эхлүүлсэн "ARIRANG World Tour" аялан тоглолт нь зөвхөн хөгжмийн салбарт төдийгүй АНУ-ын хотуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар BTS-ийн тоглолт бүр аялал жуулчлал, зочид буудал, ресторан, жижиглэн худалдаа, тээврийн салбарын орлогыг мэдэгдэхүйц өсгөж байна.
Аялан тоглолтын хүрээнд BTS АНУ-ын зургаан хотод нийт 14 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд ихэнх тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа бүрэн борлуулагдсан байна. Цэргийн албаа дуусгасны дараах хамтлагийн анхны дэлхийн аялан тоглолт учраас дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган ARMY фенүүд тоглолтыг зорин ирж байгаа юм.
Хамгийн өндөр эдийн засгийн өгөөжийг Лас Вегас хот хүртжээ. Судалгаагаар тус хотод болсон BTS-ийн дөрвөн тоглолттой холбоотойгоор зочид буудал, казино, ресторан, худалдааны төвүүд болон аялал жуулчлалын салбарт нийтдээ 340 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болсон гэж тооцоолсон байна. Энэ үзүүлэлт нь хамтлагийн 2022 оны тоглолтын үеийн эдийн засгийн үр өгөөжөөс ч давсан үзүүлэлт болжээ.
BTS-ийн агентлаг HYBE тоглолтоос гадна "BTS THE CITY – ARIRANG" төслийг хэрэгжүүлж, тоглолт болох хотуудад орон нутгийн бизнесүүд, музей, соёлын байгууллагуудтай хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд BTS-ийн сэдэвт үзэсгэлэн, поп-ап дэлгүүр, кафе, тусгай хоолны цэс, соёлын арга хэмжээнүүдийг нээж, фенүүдийн хотод өнгөрүүлэх хугацаа болон зарцуулалтыг нэмэгдүүлж байгаа аж.
Тухайлбал, Нью-Йорк хотын Koreatown дүүрэг, Korean Cultural Center, Arte Museum зэрэг газруудад BTS-тэй холбоотой тусгай үзэсгэлэн, соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд олон бизнес анх удаа үйлчлүүлж буй олон улсын жуулчдын тоо эрс нэмэгдсэнийг мэдээлжээ.
Аялал жуулчлал, эдийн засгийн судалгааны байгууллагууд BTS-ийн тоглолтын үеэр бий болж буй хэрэглээ нь зарим хотод олон улсын томоохон спортын тэмцээний үеийн эдийн засгийн нөлөөтэй дүйцэхүйц хэмжээнд хүрч байгааг онцолж байна. Шинжээчдийн тооцоолсноор аялан тоглолтын нийт орлого 1.8 тэрбум ам.долларт хүрэх боломжтой бөгөөд тасалбарын борлуулалтаас гадна аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт үүсэх эдийн засгийн үр өгөөж үүнээс ч өндөр байх төлөвтэй байна.
BTS-ийн нөлөө зөвхөн хөгжмийн амжилтаар хязгаарлагдахгүй, тоглолт зохион байгуулагдаж буй хотуудын эдийн засгийг богино хугацаанд идэвхжүүлдэг "BTS Economy" буюу "BTSnomics" хэмээх үзэгдлийг дахин баталж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.





