Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Sarantsetseg
Author
July 26, 2026
2 min read
181 views
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган-аар Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг албан ёсоор Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Энэхүү шийдвэр нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт төвлөрөн оршин тогтнож байсан Хүннүгийн эзэнт гүрний түүх, соёлын өвийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал болж байна.

Хүннүгийн эзэнт гүрэн нь Төв Азийн төдийгүй дэлхийн түүхэнд хүчирхэг нөлөө үзүүлсэн анхны нүүдэлчдийн төр улс бөгөөд тухайн үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг, улс төр, эдийн засаг, худалдаа, олон улсын харилцааны тогтолцоо нь хожмын нүүдэлчин эзэнт гүрнүүдийн хөгжлийн суурийг тавьсан гэж үздэг.

ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд дараах зургаан археологийн дурсгалт газрыг төлөөлөл болгон хамруулжээ.

  • Ноён уул

  • Гол мод-1

  • Гол мод-2

  • Дуурлиг нарс

  • Тахилтын хотгор

  • Чихэртийн зоо

Эдгээр нь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын зан үйл, тухайн үеийн төр, нийгмийн бүтэц, соёл иргэншлийг судлах дэлхийн хэмжээний үнэт эх сурвалжид тооцогддог.

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг ахалж оролцсон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ, Хүннүгийн эзэнт гүрний түүхийг бодит археологийн эх сурвалжаар баяжуулан судалж, энэхүү өвийн дэлхий дахины үнэ цэнийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон гадаадын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлсэн байна.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэнээр Монгол Улсын соёлын өвийн олон улсын үнэлэмжийг нэмэгдүүлж, хамгаалалт, судалгаа, сурталчилгааны шинэ боломжуудыг нээж буй түүхэн үйл явдал боллоо.

Related Stories

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ | Ubfocus