БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэргий, экс тэргүүн хатагтай Ким Гон Хид Сөүлийн Төв дүүргийн шүүхээс долоон жилийн хорих ял оноожээ.
Шүүхээс Ким Гон Хиг албан тушаалын нөлөөгөө ашиглан улс төр, бизнесийн хүрээний хүмүүсээс үнэтэй бэлэг, эд зүйл хүлээн авч, хариуд нь томилгоо болон бизнесийн ашиг сонирхолтой холбоотой зуучлал хийсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Мөн түүнд холбогдох авлига, нөлөөллийн худалдаа зэрэг хэргийг тусгай прокурорын баг шалгаж байсан юм.
Шүүхийн шийдвэрийн дагуу экс тэргүүн хатагтайд долоон жилийн хорих ял оноосон бөгөөд хууль бус аргаар авсан эд зүйлсийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Шүүгчдийн зүгээс “төрийн тэргүүний гэргий хүн хамгийн өндөр түвшний ёс зүй, хариуцлагыг сахих ёстой” хэмээн онцолсон байна.
Ким Гон Хи нь 2025 оны наймдугаар сард авлига, хувьцааны ханшид хууль бусаар нөлөөлсөн, улс төрийн нөлөө ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдон баривчлагдаж, түүнээс хойш цагдан хоригдож байгаа юм. Түүнд өмнө нь авлига болон хувьцааны манипуляцтай холбоотой өөр хэрэгт хорих ял оноож байсан бөгөөд давж заалдах шатны шүүх ялыг нь нэмэгдүүлж байжээ.
Ким Гон Хи нь 2022-2025 онд БНСУ-ын тэргүүн хатагтайгаар ажиллаж байсан бөгөөд түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль мөн хэд хэдэн хэрэгт шалгагдаж байгаа юм.





